“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.08/ Дорноговь аймгийн Сайншанд суманд болов. Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар аймгийн иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав.
Засгийн газар ирэх жил 25 мянган айлыг орон сууцжуулна. 2027 онд ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно. Дорноговь аймгийн Замын-Үүдийн “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монголд анх удаа ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдсан. Замын-Үүд хилийн боомтод ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц нээнэ гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Асуудлыг сууриар нь харж, дуусдаггүй яриаг дуусгахад Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, 2026 оны төсвийн тодотголыг батлуулснаар өрхийн бодит орлогыг хамгаалах боломж бүрдсэн. Тухайлбал, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, хэмнэсэн зарлдаа боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулж байна. Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг арваннэгдүгээр сарын 01-нээс нэмсэн. Ирэх онд төрийн нийт албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулж нэмнэ. Цалингийн тогтолцоо шударга зарчим руу шилжинэ. ТӨК-иудын 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашгийг төсөвт татаж, ахмадууд баталгаат суурь тэтгэврээ авч эхэлсэн. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нэг сая төгрөг болж нэмэгдсэн. Шинэ оны эхнээс инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмнэ. Дундаж тэтгэвэр 1.3 сая гаруй төгрөг болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж, сард 600 мянган төгрөг боллоо. Стратегийн хүнс болох мах 20,000 тонн, улаанбуудай 100,000 тонн, хүнсний ногоо 12,000 тонн нөөцөлж, үнэ тогтворжуулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг тодотгов.

Дараа нь Ерөнхий сайд 2027 оны улсын төсвийн онцлох есөн шийдвэрээ танилцуулав. Өрхийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн улсын төсвийн төслийг УИХ ирэх долоо хоногт батална. Өмнө нь төсвийн орлогын 90 хувийг татвараас бүрдүүлдэг байсныг 79 хувь болгоно. Иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Жилийн 36 сая хүртэлх орлоготой иргэн жилд 948 мянган төгрөгөө өөртөө үлдээнэ. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцалсан. НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө. Төрийн албан хаагчдын /ТҮ, ТЗ, ТТ/ цалинг 10-20 хувь нэмнэ. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна.

Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 45 зөвшөөрөл цуцалсан. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Оюу толгой төслөөс Монгол Улс 17 жилийн дараа анх удаа ногдол ашиг авах гэж байна. Байгалийн баялагтаа эзэн болсон иргэдийнхээ саналыг хүндэтгэнэ. Баялгаа олборлож, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Баруун бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. Эдгээр төслийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Ирэх жил 17 мянган ажлын байр нэмэгдүүлнэ. Дээрх төсөл, үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор аймаг аж үйлдвэрийн бүс болно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуулын ажил 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэж Ерөнхий сайд ярилаа.

Засгийн газар богино хугацаанд иргэндээ чиглэсэн үр дүнтэй шийдвэрүүд гаргаж байгааг тус аймгийн иргэд хэлж байв. Мөн орон нутагтаа шийдвэрлүүлэх асуудал, цахилгааны үнэ, дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг шударгаар үнэлэх, түрээсийн орон сууцыг өргөжүүлэх, бэлчээр, усны асуудал, Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах хугацааг наашлуулах, түлш, шатахууны хүрэлцээг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд анхаарч өгөх зэрэг хүсэлт тавьж, асуултуудаа хариулт авлаа.





