Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр энэ үеэр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой” гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангасан байна. Хурлын цэнхэр болон ногоон бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна.

Шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулсан. COP-17-ын бэлтгэл ажлын хүрээнд 12 дэд хороо, дэд ажлын хэсэгтэй уялдаа холбоотой ажиллаж, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн төлөвлөлт, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг бүрдүүлээд байна. Хурлын үеэр ажиллах 120 эмнэлгийн мэргэжилтнийг олон улсын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн сургалтад хамруулж, 1500 орчим албан хаагчид амилуулах суурь тусламжийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлсэн байна. COP-17-ын бүхий л үе шатанд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай үед яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийг цаг алдалгүй хүргэх нэгдсэн зохион байгуулалт, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
.jpg)
