Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.05) Дорнод аймагт ажиллалаа.
Дорнод аймагт зуншлага сайн байгаа бөгөөд энэ жил 6527 малчин өрх 2,7 орчим сая толгой мал өвөлжинө. Дөрвөн сумын 77 байршилд 10840 га талбайд хадлан бэлтгэхээр ажиллаж буй талаар Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Ёл танилцууллаа.
Ус, дулаан хангамжийн бэлтгэлийн хувьд ДБЭХС ТӨХК-ийн их засвар, хөрөнгө оруулалт болон хийгдэх нийт ажлын гүйцэтгэл 71.4%, “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 64,9%-ийн биелэлттэй байна. Аймгийн хэмжээнд шатахууны нөөц өдрийн дундаж хэрэглээтэй харьцуулж тооцоход 4 долоо хоногийн нөөцтэй ба цаашид нөөцийг тасалдуулахгүй байхад аймгийн Онцгой комисс анхаарч ажиллаж байна гэлээ. Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:
1. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5км ажлыг эрчимжүүлэх,
2. Чойбалсан - Баян-Уул чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх,
3. Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал сумдад түргэн тусламжийн автомашинтай болгох,
4. Дашбалбар, Матад сумдад Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар байгуулах, Хэрлэн сумын 3 дугаар багт Гал түймэр унтраах ангийг шинээр байгуулах,
5. Туулах чадвар өндөр, түргэн шуурхай үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх хүрээнд аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай албаны автомашинтай болох,
6. Аймгийн Онцгой комисст өвөлжилтийн бэлтгэл хангах, ой хээрийн түймэр болон гамшгийн үед зарцуулах 50 тонн шатахууны дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг танилцуулав.

Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, олон жил царцсан ажлуудыг шуурхай дуусгах, аймгийн Онцгой комиссын саналуудыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисс, төрийн албан хаагчидтай уулзан өвөлжилтийн бэлтгэл ажил, гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээлэл авлаа.

Сүхбаатар аймаг өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд:
Баруун-Урт суманд агаарын температур -31 градусаас доош хүйтэрвэл дулаан хангамжийн хүчин чадал дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа учраас дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
Санхүүжилт, бараа материалын татан авалттай холбоотойгоор 2025 онд зогссон Дулааны станц барих төслийн ажлыг үргэлжлүүлэх,
Аймгийн төвийн нийтийн эзэмшлийн шугам сүлжээг шинэчлэх зэрэг асуудлыг танилцууллаа.
Шадар сайдын зүгээс Сүхбаатар аймаг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан асуудлуудаа шуурхай шийдвэрлэж чаддаг сайн жишгийг бүрдүүлж чадсан. Тиймээс аймгийн сайн туршлагыг бусад орон нутгууд нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.


