2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.
Энэхүү төслийн 2 дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар -4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг дээшлүүлж экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Тухайлбал, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчимжсэн ба цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэгчид, эмийн ургамлын тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.
Энэхүү төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Төслийн зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан 4 банкинд хандах боломжтой.
