Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх тухай журмын хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж, төрийн бус 100 гаруй байгууллага, холбоодын төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 8-ндбаталж, Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар болсон.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг “Засгийн газраас өргөн барьж батлуулсан хууль, тогтоомжуудад Мэргэжлийн нэгдсэн холбоодын асуудлыг багтаасан. Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийн асуудал шийдэгдсэнээр салбар бүрд хэрэгжиж буй төрийн зарим чиг үүргийг холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх ажил бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой болно” гэв.
Ерөнхий сайдын зөвлөх С.Тэнгис “Хуульчдын холбоо мэргэжлийн гэрчилгээ, Нотариатын холбоо нотариатчдадаа эрхийг нь олгодог жишээ байна. Энэ нь төрийн хүнд суртал, авлига, бусад асуудлаас чөлөөлөх бодлогын нэг хэсэг юм” гэлээ.
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлснээр төрийн бодлогод мэргэжлийн экспертүүдийн дуу хоолой бодитой тусаж чадна гэдгийг хэлэлцүүлэгт ирсэн төлөөллүүд хэлж байлаа. Мөн зарим асуудал, зохицуулалтыг журамд нарийвчилж тусгах шаардлагатайг илэрхийллээ. Иргэд, олон нийт Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх тухай журмын төсөлд тусгуулах саналаа ЗГХЭГ-т өгч болно.
Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэхээр тусгаад байгаа юм.