Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.05.13) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр улсыг ойртуулж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж буйд талууд талархалтай байгаагаа илэрхийлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүс, стандартчилал, онцгой байдлын салбаруудад ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо. Тухайлбал, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн ажиллахад анхаарал хандуулж буйгаа дурдлаа. Түүнчлэн, онцгой байдлын салбарт алба хаагчдыг сургах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцов.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг таатай бөгөөд тодорхой болгох нь нэн чухал буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх бүсчилсэн хөгжлийн бодлогоор зам тээврийн холболтыг сайжруулах, онцгой байдлын салбарын алба хаагчдын сургалт болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийхээ тодотгов.
Талууд хоёр улсын хооронд 2024 онд Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.


